May 24, 2026

ХАРААЛ ИДСЭН ШУДРАГА ЁС

blog image

Хүний нийгэм шудрага ёс гэдэг үгийг өөр өөрөөр ойлгож, өөрт ашигтай байдлаар тайлбарлаж, бүр хүчирхийллээ хүртэл зөвтгөх титэм үг болгон ашиглаж ирсэн байж мэднэ. Зарим хүмүүс шудрага ёсыг хууль бүгдэд тэгш үйлчлэх тухай ойлголтоор тайлбарлах бол, зарим нь баялгийг тэгш хуваарилах, мууг шийтгэж, сайныг шагнахыг шудрага ёс гэж үздэг бололтой. Харин миний бодлоор шудрага ёс гэдэг нь ашигтай байх тухай биш, өөрийн дотоод үнэнийг худалдахгүй үлдэх тухай зүйл юм.

Гэтэл манай нийгэмд шудрага ёс алдагдсан тухай хүмүүс өдөр бүр ярьж, бичиж, сошиалаар бухимдан шуугих аж. Тэгвэл яагаад өнөөдөр шудрага амьдрах нь ухаалаг биш, харин тэнэг хүний сонголт мэт харагдах болов?

Миний 8 настай охин олимпиадад орохоор сар шахам хичээнгүйлэн бэлдсэн юм. Гэтэл шалгалтын үеэр багш нь тааруухан сурдаг хүүхдүүддээ хариуг нь задгай хэлж суухыг хараад “үнэхээр сайн сурах хэрэг байдаг юм уу?” гэж асуух шиг болсон. Эхнэр минь өрхийн эмнэлэг дээр дугаар дайрсан хүнд “очероо бариарай” гэж хэлснийхээ төлөө нүүрээ маажуулж, үеэл дүү минь хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрч чадалгүй үг хэлснийхээ төлөө гудамжинд зодуулж байлаа.

Заримдаа би охиндоо элэнц өвөө нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хэрхэн амь насаа алдсаныг хүртэл тайлбарлаж чаддаггүй. “Яагаад?” гэж асуухад нь би шудрага ёсны тухай биш, харин эрх мэдэл айдсаа хамгаалах үед хүн ямар амархан араатан болдгийг тайлбарлах шаардлагатай болдог.

Энэ мэтчилэн шудрага бусыг хайвал улс төр, хээл хахууль, төсвийн хулгай, тендер шалгаруулалт, хууль шүүхийн байгууллага гээд хаанаас ч шудрага бусын уул уурхайг олж харж болох юм.

Еврейчүүдийн дунд “Шудрага ёс бол шашин биш, харин багаж хэрэгсэл” гэх утгатай үг байдаг гэдэг. Бодвол олон зуун жилийн хавчлага, дайн, амьд үлдэх тэмцлийн дунд тэд үнэнийг хүртэл прагматик нүдээр харахаас өөр аргагүй болсон байх. Энэ ертөнцөд сохроор дүрэм дагадаг хүмүүс хамгийн түрүүнд хохирч, харин дүрмийг ашиглаж сурсан хүмүүс амьд үлддэг тухай хүйтэн ойлголт тэндээс төрсөн ч байж мэднэ.

Үнэхээр ч өнөөдрийн нийгмийг харахад шудрага ёс гэдэг зүйл зарим хүмүүст ариун үнэт зүйл биш, харин бусдыг хөдөлгөх, итгүүлэх, удирдах хэрэгсэл мэт харагддаг. Тэд өөрсдөө шудрага байх албагүй. Харин шудрага ёсны тухай хамгийн чанга ярьдаг хүмүүс бололтой.

Эсвэл тэдний зөв ч байж мэднэ. Энэ хорвоо өөрөө шудрага хүмүүст зориулагдсан биш, харин шудрага бус хүмүүсийн бүтээсэн систем ч байж мэдэх юм.

Үнэнийг хэлэхэд миний бие ч шудрага ёс, үнэний дуу хоолой гэх хийсвэр зүйлсэд хэт итгэснээсээ болж олон хүнтэй зөрчилдөж, амьдралаа илүү хүнд болгосон хүн байж мэднэ. Хэрэв би арай зальтай, арай уян хатан, арай худал дүр эсгэж сурсан бол өнөөдрийнхөөсөө хэд дахин илүү санхүүгийн боломжтой, илүү нэр хүндтэй, ядаж л илүү амар амьдрах ч байсан юм билүү.

Магадгүй би шудрага ёс, сайн хүн байх гэсэн зүйлээр өөрийгөө дөнгөлж, эцэстээ өөрийнхөө чадахгүйг мэдэхгүй, мэдэхгүйгээ бас мэдэхгүй мунхаглалаар хүүхдүүдийнхээ ирээдүйгээс хүртэл хумсалсан шудрага бус эцэг ч байж болох юм.

Та телевизээр эсвэл сошиалаар төрийн өндөр албан тушаалтнуудын гэрээс сейф дүүрэн мөнгө, тансаг хэрэглээ, тайлбарлах аргагүй хөрөнгө гарч ирж байгааг олон удаа харсан байх. Нүүрсний хулгай, ЖДҮ, ковидын төсөв, ногоон автобус гээд Монголын түүхэнд бараг сонсогдож байгаагүй их хэмжээний хулгайн тухай бид өдөр бүр шахуу сонсдог болсон.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэр бүх шудрага ёсны тухай хамгийн чанга ярьж байсан хүмүүсийн зарим нь дараа нь яг ижил зүйлтэйгээ холбогдон гарч ирдэг. Эцэстээ хэн нь үнэн ярьж байсан, хэн нь шудрага ёсыг ердөө хэрэгсэл болгож ашигласан нь ялгагдахаа больдог.

Магадгүй тийм болохоор хүмүүс шудрага ёсонд биш, харин амжилттай худалчдад итгэж сурч эхэлдэг байх.

Мэдээж бид бүхэн энэ их авлига, хээл хахуульд аажмаар дассан бололтой. Хангархай цонхны онол гэдэг шиг өдөр бүр давтагдах шудрага бус зүйлсийг харсаар байгаад нэг мэдэхэд хэвийн үзэгдэл мэт хүлээж авдаг болсон ч байж мэднэ. Эсвэл тэдний хулгайтай ноцолдох, анзаарах завгүйгээр амьдралдаа түүртэн яваа ч юм шиг. Бүр цаашлаад шудрага ёсыг маск болгосон шудрага бус хүмүүсийн өмнө дотроо аль хэдийн ялагдаж, итгэлээ алдсан ч байж мэднэ.

Монгол Ардын Нам гэх улс төрийн аварга бүтэц дотор хэдэн зуун мянган хүн албан ёсоор, түүнээс ч олон нэг сая хүн албан бусаар эрх ашиг, айдас, танил тал, амьд үлдэх хэрэгцээгээр холбогдсон байдаг нь энэ системийг ганц хоёр хүний хулгай биш, харин бүхэл бүтэн нийгмийн дасан зохицол болгож орхисон мэт.

Аргагүй ч юм шиг. Эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлын аалзны тор хаа сайгүй татагдсан энэ нийгэмд хүн бүр ямар нэг байдлаар тэр системийн захад хүрч амьд үлдэхийг хичээдэг болсон мэт. Зарим нь дотроо үзэн яддаг ч дуугүй дагана. Зарим нь эсэргүүцэж байгаа дүр эсгэнэ. Зарим нь ээлжээ хүлээнэ. Зарим нь шавхруу горилно.

Улс эх орондоо бүх насаа зориулсан ахмад буурлууд насны эцэст хэдхэн зуун мянган төгрөгөөр амьдралаа аргацаан, үхлээ хүлээж сууна. Эмч, сувилагч, багш нар тангараг, ёс суртахуун, үүрэг хариуцлага гэх үгсэд итгэсээр амьдралаа зүтгүүлдэг ч энэ нийгэмд тэдний шудрага хөдөлмөр үнэлэгдэж байгаа гэхээсээ илүү аажмаар мөлжигдөж байгаа мэт харагдана.

Эсвэл тэд шудрага ёс гэдэг зүйлийг хэт үнэнээр нь ойлгосон хүмүүс ч юм шиг. Энэ ертөнцөд зарим хүмүүс шудрага ёсыг амьдрах зарчим гэж хардаг бол, зарим нь ердөө ашиглах хэрэгсэл гэж хардаг юм шиг.

Цагдаа, цэрэг, тагнуул гээд хүчний байгууллагынхан хүртэл өөрсдөө үл анзаарах байдлаар шудрага бус системийн хамгаалагч болж хувирсан мэт. Тэд эх орон, төр, тангарагт зүтгэж байна гэж итгэдэг ч эцэстээ МАН намын эрх мэдэл, эсвэл айдсын тогтолцоог хамгаалж яваагаа мэддэггүй ч байж болно.

Хамгийн аймшигтай нь авлига, хулгай өөрөө ч биш байх. Харин хүмүүс аажмаар түүнийг хэвийн зүйл мэт хүлээж авч сурч байгаа явдал юм шиг.

Өнөөдөр хүүхдүүд “үнэнч бай” гэхээсээ илүү “аргаа ол” гэсэн үгийг илүү олон сонсож өсөж байна. Аргагүй байх, сайн хүүхэд хүрээлэлдээ бүллидүүлж, гадуурхагддаг болсон. Тиймээс тэд аажмаар шудрага бусыг үзэн ядахаа больж, харин түүн дотор амьд үлдэх аргаа сурахыг хичээдэг бололтой. Нэг л мэдэхэд хэн нэгний ивээлд орж, хэн нэгний хамгаалалт дор орж, системийг үзэн ядаж явсан хүүхэд өөрөө тэр системийн дараагийн үргэлжлэл болж эхэлдэг ч байж мэднэ.

Залуус шудрага хөдөлмөрөөс илүү танил талд итгэж, үнэн хэлдэг хүнийг зоригтой гэхээсээ илүү тэнэг гэж харах болсон мэт.

Магадгүй нийгэм нуран унана гэдэг нь барилга нурж, дайн гарахыг хэлдэггүй байх. Харин хүмүүсийн доторх сайн мууг ялгах мэдрэмж, ичих нүүр, өрөвдөх сэтгэл аажмаар үхэхийг хэлдэг ч байж мэднэ. Тэр үед хууль байсаар байдаг. Төр ч байсаар байдаг. Сонгууль хүртэл болдог. Гэхдээ дотроо хүнээ алдсан нийгэм аль хэдийн харанхуй руу алхаж эхэлсэн байдаг байх.

Хэрвээ энэ нийгэм бүхэлдээ харыг цагаан гэж нэрлэвэл тэр нь үнэн болчихдог юм болов уу? Олон хүн худлыг үнэн гэж давтаад байвал үнэн өөрөө алга болчихдог хэрэг үү? Тэгээд эцэст нь хүн үнэнээ барьж ганцаараа үлдэх ёстой юм болов уу, эсвэл амьд үлдэхийн тулд бусадтайгаа нийлж худал дунд урсах ёстой юм болов уу? Энэ урсгалаас гарах боломжтой юм болов уу?

Буддын шашинтнуудын машид эрхэмлэдэг “Цадмид ши” буюу хязгааргүй дөрвөн сэтгэлийн хамгийн сүүлчийн ерөөл нь:

“Хамаг амьтан хол ойр, урин тачаангуйгаас ангижирсан тэгш ахуй дор орших болтугай” гэх ерөөл юм.

Энэ нь зүгээр тайван, сайхан сэтгэлтэй байя гэсэн үг биш бололтой. Харин өөрт таалагдах худал хуурмагт автахгүй, таалагдахгүй үнэнийг ч харж чаддаг оюуны тухай машид гүн сургаал юм.

Хүн өөрт ашигтай худлыг үнэн гэж итгэж эхлэх үедээ аажмаар мунхгийн дотор ертөнцөө бүтээдэг байх. Тэгээд тэр худлаа хамгаалсаар яваад нэг мэдэхэд үнэнийг харах чадвараа алддаг ч байж мэднэ.

Буддын гүн ухаанд тэр мунхаглал нь зовлонгийн үндэс болдог гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүн үнэнийг шудрагаар харж чадахгүй байх тусмаа орчлонгийн зовлонд дахин дахин хүлэгдсээр байдаг гэсэн үг.

Бодвол энэ амьдралын урсгал дунд бид үнэнийг зөв харахын тулд өөрсдөө ч мэдэлгүй тоолж баршгүй олон төрөл дамжин ирсэн ч байж мэднэ.

Харин худлыг дагаж, ашигтай бүхнийг үнэн мэт амьдарсаар байвал хүн өөрийн доторх харанхуйдаа улам төөрсөөр байж болох юм. Тэгээд гэгээн гэрэл, билэг билгүүний дээд оюун ухаанд ойртох хугацаагаа өөрөө дахин дахин хойшлуулсаар байдаг байх.

Энэ нийгэмд шудрага амьдрах нь ашиггүй байж мэднэ. Шудрага хүмүүс ихэнхдээ баян болдоггүй, эрх мэдэлд хүрдэггүй, бүр заримдаа өөрийнхөө гэр бүлд хүртэл “амьдрал мэдэхгүй тэнэг” мэт харагдаж болох юм.

Гэхдээ нэг зүйл байдаг байх.

Худалд бүрэн дасаж чаддаггүй хүн гэж байдаг. Өөрт ашигтай байсан ч дотроо үнэнийг мэдсээр байдаг хүн. Тийм хүмүүс гаднаасаа ялагдсан мэт харагдавч дотроо бүрэн нурчихалгүй үлддэг байх.

Заримдаа шудрага ёсны хамгийн том шагнал нь нийгэмд ялалт байгуулах биш, харин өөрийнхөө доторх хүнийг бүрэн алдахгүй үлдэх явдал юм болов уу.

Буддын гүн ухаанд мунхаг харанхуйгаас үнэнийг зөв харах тэр агшин руу ойртохыг билэг билгүүний зам гэж үздэг. Тэгвэл энэ хорвоод хохирч байсан ч үнэнийг худалдаагүй амьдрал өөрөө тэр зүг рүү алхаж буй нэг төрлийн дотоод замнал ч байж мэднэ.

Эцэстээ шудрага хүн энэ насандаа ялагдсан мэт амьдарч болно. Гэхдээ өөрийн доторх гэрлийг бүрэн унтраалгүй үлдсэн байдаг бололтой.

Тиймээс шудрага амьдрах эсэх нь магадгүй шагнал авах тухай асуудал биш.

Харин хүн өөрийгөө дотроосоо юу болгож хувиргах вэ гэдэг сонголт байх.

Худалд дасаж болно. Айдастай эвлэрч болно. Бусдын адил урсаж, амьд үлдэж ч болно.

Гэхдээ нэг мэдэхэд хүн гаднаасаа амьд яваа атлаа дотроо өөрийгөө алдчихсан байдаг ч байж мэднэ.

Хорвоо бол асар том, олон дүртэй тайз мэт. Тэр тайзан дээр та хааны дүр, баяны дүр, шудрага нэгний дүр, гуйлгачингийн дүр, эсвэл өвчин зовлондоо тарчилсан нэгний дүрийг ээлжлэн бүтээдэг байж болох уу?

Магадгүй өнөөдөр таны гэнэн, тэнэг, амьдрал мэдэхгүй гэж шоолж байгаа шудрага хүний дүрд маргааш эсвэл дараа хэзээ нэгэн цагт та өөрөө тэр дүрд тоглох болно.

Үүнийг Буддын шашинд үйлийн үр гэж нэрлэдэг. Нэг ёсондоо орчлон өөрөө асар урт сургалт мэт. Хүн үнэнийг ойлготлоо дахин дахин төөрч, дахин дахин шаналж, дахин дахин төрсөөр байдаг гэх.

Тэр сургалтыг худал дүр эсгэлтээр, арын хаалгаар, эсвэл бусдыг хуурч төгсөх боломжгүй бололтой. Харамсалтай нь жинхэнэ ертөнц бидний өдөр тутам хардаг шудрага бус нийгмээс өөр хуулиар ажилладаг байх.

Эсвэл ертөнц өөрөө шудрага байдаг. Харин хүний шунал, айдас, мунхаглалаар дамжаад л гажууд харагддаг.

Тийм болохоор хүн мянган удаа мөргөж, гандан хийдээр явсан ч дотроо худал амьдарсаар байвал өөрөөсөө улам холдсоор байдаг бололтой.

Харин шудрага ёс гэдэг нь бусдыг ялах тухай биш, өөрийн доторх харанхуйд бүрэн идэгдэхгүй үлдэх тухай зүйл юм.

Эцэст нь бодоход хүн энэ хорвоод бусдыг хэр сайн хуурснаараа биш, өөрийгөө хэр их алдаж амьдарснаараа хэмжигддэг ч байж болох юм.

Нийтлэлч Батдэмбэрэл

М. Батдэмбэрэл