May 19, 2026

АРХИЧНЫ ӨЧИЛ

blog image

Энэ хорвоо дэлхий дээр өнөөгийн бидний төрхтэй ойртсон Homo sapiens үүсээд 300,000 жил болсон бол Homo erectus 2 сая жилийн өмнө, харин Australopithecus 4–2 сая жилийн өмнө оршиж байсан гээд хүн төрөлхтний хувьслын модны мөчир тасралтгүй салаалсаар үргэлжилж байгааг шинжлэх ухаан тодорхойлж байх юм.

Тэгвэл энэ хугацаанд миний бие, бас уншигч таны бие хэдэн өвөг эцэг, эмгэдтэй байсныг 2026 оны байдлаар багцаагаар тооцвол, Australopithecus үеэс хойш дундаж насыг дээшээ доошоо 50 жил гэж бодоход 80,000 үе болно. Хүн эцэг эх гээд 2 үүсвэртэй гэж тооцвол 2¹ + 2² + … + 2^80,000 гэх хязгааргүй мэт 24 мянга гаруй оронтой тоо гарч ирнэ. Энэ нь орчлон дахь атомын тооноос ч давсан аварга тоо юм.

Буддын шашинд “энэ хорвоод чиний эх болж байгаагүй амьтан бараг үгүй” гэх бясалгалын санаа байдаг. Мөн төрөлт, үхэл тасралтгүй үргэлжилдэг цаг хугацаа, орон зай, амьд амьтан буюу гансагийн тоо хязгааргүй гэх ойлголт, номлол бий. Орчин үеийн генетик, хувьслын тухай бодоход эдгээр үгс сонин байдлаар өөр утгаар ойртон сонсогдож эхэлдэг.

Архичин миний 24 мянга гаруй оронтой тоон дотор багтах өвөг дээдсийн дунд нүүдэлчид бий, анчид бий, өлсгөлөн давсан хүмүүс бий, дайнд үхэлгүй үлдсэн баатрууд бий, хүүхдээ аварсан эхчүүд бий, гал анх харсан хүмүүсийн цус ч бий байж магадгүй. Миний ард амьд үлдэх гэж тэсэж тэмцсэн тоолж баршгүй олон хүний үргэлжлэл бий. Гэтэл тэр урт гинж над дээр ирээд ердөө архины шилэн дотороос гарч чадахгүй тасарч байгаад харамсах, “уучлаарай” гэх үгнээс хэтэрч чадахгүй байгаадаа дахин уучлалт хүсэхээс өөр чадах зүйл надад алга.

Миний эцэг намайг төрөх үед архичин байгаагүй. 90-ээд оны эхэн үед тавилгын бизнес эрхэлж, амьдралаа босгох гэж тэмцэж явсан хүн. Нэгэн цагт Орос руу Румын тавилга татахаар их хэмжээний мөнгөтэй явж байгаад дээрэмдүүлэн бүхнээ алджээ.

Тэр үеэс хойш амьдрал нь аажмаар нурж, архи түүний зовлонгоо нуух цорын ганц газар нь болж эхэлсэн байх. Эцэстээ тэр архитай олон жил тэмцсээр хорвоог орхисон юм.

Төрсөн ах минь өнчин өрөөсөн амьдрал, айлын том хүү болсны төлөөс хоёр оронтой насанд хүрээгүй байхдаа хүүхдийн хүнд хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Хойд эцгийн хатуу ширүүн дарамт, хүчирхийллийн дунд яаран тэмүүлж насанд хүрсэн болоод бас л архинаас болж 29-хөн насандаа хорвоог орхисон юм. Бурхан багш хааны ордноо орхин гэгээрлийн замд гарсан тэр настай чацуу насанд ах минь архины урт харанхуйтай тэмцсээр дууссан.

Ээжийн минь бага дүү ч мөн ялгаагүй. Коммунист нийгмийн нуранги, шилжилтийн үеийн ядуурал, ажилгүйдэл, ганцаардлын дунд амьдралынхаа түшиг тулгуурыг алдаж, архины гүн ангал руу аажмаар татагдан орсон юм.

Зарим хүмүүс архичныг зөвхөн сул дорой хүн гэж хардаг.

Гэвч заримдаа архины шилний цаана бүтэлгүй нэг хүн биш, харин бүтэлгүйтсэн нийгмийн сүүдэр нуугдаж байдаг.

Гэтэл энэ түүх зөвхөн миний эцэг, ах, нагац ах дээр дуусаагүй юм. Хадам талд ч, төрөл саданд ч, таньдаг олон айлд ч архины өмнө амьдралаа алдсан хүмүүс дэндүү олон байлаа.

Нэг хүний сул дорой зан мэт харагддаг зүйл заримдаа үе дамжсан шарх, нийгмийн нуранги, дотроо хашгирч чаддаггүй эрчүүдийн чимээгүй үхэл байдаг бололтой.

Магадгүй архичин гэдэг нь ганц хүн биш, харин нийгмийн нуусан өвдөлт архины шилэн дотор амьдарч байдаг байх.

Би багаасаа энэ их үхэл, зовлон, архинаас болж өнгөрсөн олон цогцосны дундуур цус татуулан алхаж ирсэн хүн. Тийм болохоор “би хэзээ ч тэдэн шиг архичин болохгүй” гэж өөртөө андгай тангараг өргөж, өнгөрсөн үе рүүгээ муухай харсаар өссөн.

Эцгийнхээ хорвоог орхисон тэр нас болох 40-тэй золгосон ч би дотроо өөрийгөө архичин биш гэж боддог байлаа. Гэвч өнгөрсөн үеийнхээ алдааг давтахгүй гэж хэт тэмцсээр яваад магадгүй би архинд биш, үзэн ядалтад илүү донтсон хүн болсон байх.

Гудамжинд унадаг архичин биш ч авлига, шунал, худал дүр эсгэлт, хүний мөсгүй чанарт хорсож, тэр хорслоо өдөр бүр дотроо уудаг шинэ цагийн архичин болсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Миний ард үе дамжсан архины шарх бий. Харин энэ улсын зарим эрх мэдэлтнүүдийн ард үе дамжсан авлигын хөрөнгө бий.

Нэг тал нь дурсамжиндаа архины эхүүн үнэртэй үлддэг бол нөгөө тал нь мөнгөний бардам үнэртэй үлддэг ажээ.

Ингээд бодохоор зарим гэр бүл хүүхдүүддээ шарх өвлүүлдэг бол зарим нь бусдын боломжийг хулгайлсан тайван амьдрал өвлүүлдэг аж.

Заримдаа би архийг хувь хүний сул тал гэж харахаа больсон. Хэт олон айлд давтагдсан зовлон ганц хүний алдаа байх боломжгүй санагддаг.

Магадгүй Монголд архидалт гэдэг нь нийгмийн гүн ялагдлын нэг хэлбэр байх.

Эсвэл архидалтын үндэс нь ядуурал ч биш байх. Ядуу атлаа амьдрах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Харин хүн ирээдүйгээ харахаа больсон үедээ аажмаар өөрийгөө устгаж эхэлдэг байж мэднэ.

Өвлийн утаанд дарагдсан саарал хот, цөлжилтийн шороонд булуулсан гудамж, түгжрэл дунд өнгөрөх залуу нас, шударга бусын өмнө юу ч өөрчилж чадахгүй гэсэн чимээгүй ялагдал — энэ бүхэн хүний доторх гэрлийг бага багаар унтраадаг байх.

Магадгүй Монголын архидалт гэдэг нь согтууруулах ундааны асуудал биш, харин ирээдүйдээ итгэх итгэлээ алдсан хүмүүсийн чимээгүй сүйрэл байж мэднэ.

Хүн өлсөхдөө дандаа архи уудаггүй. Харин амьдрал нь маргааш руу биш, зөвхөн өнөө орой руу агшиж эхлэх үедээ уудаг байх.

Буддын шашинд шунал, уур, мунхаг гурвыг хүнийг тамладаг хор гэж үздэг. Гэвч Будда зөвхөн хувь хүний дотоод нисванисыг бус, нийгмийн доройтлыг ч бас харсан байдаг.

Ядуурал, шударга бус байдал газар авахад хулгай, хүчирхийлэл, ёс суртахууны задрал дагаж ирдэг тухай буддын эртний судруудад хүртэл өгүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Монголд архидалт яагаад ийм гүн дэлгэрэв гэдэг асуулт ганц архины тухай биш байж мэднэ.

Ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон хүмүүсийн дунд архи хамгийн хурдан дэлгэрдэг бололтой.

Нэг хэсэг нь төрийн сандал, авлигын мөнгөнд мансуурч байхад нөгөө хэсэг нь архины шилэнд маргаашаа мартдаг.

Магадгүй хоёулаа өөр өөр нисванистай архичид байж мэднэ.

Энэ хорвоогийн зовлон бүхэн хэт “БИЕ ҮЗЭЛ”-дээ эзлэгдэж эхлэх үед таатай жаргалдаа дасан живсээр эцэстээ таагүй зовлонтойгоо учирдаг бололтой.

Харин “БИ”-гийнхээ яг эсрэг зүг рүү алхаж эхлэх үед, өөрөөсөө илүү том зүйлийн төлөө амьдарч эхлэх үед хүний таагүй зовлон хүртэл аажмаар амар амгалан болж хувирдаг нь сонин.

Босч чадсан ч гэнэ, нуран унасан ч гэнэ улс орнуудын түүхийг харахад дандаа хэн нэгэн мулгуу мэт зоригтон гарч ирсэн байдаг.

Тэр хүн ихэнхдээ өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө амьдарч эхэлдэг.

Шударга ёс гэх жижиг галыг зүрхэндээ асааж, зориг гэх гараараа хамгаалж, ирээдүй гэх буухиа руу өөрийгөө золин гүйдэг.

Тэгээд хожим нь тэр буухиаг дараагийн хүмүүс нь тосож авч, улс орон нь аажмаар амгалан, итгэлтэй, энэрэнгүй нийгэм рүү алхаж эхэлдэг байх.

Харин эсрэгээрээ хэт “БИЕ ҮЗЭЛ”-дээ эзлэгдсэн нийгэм аажмаар дотроосоо ялзарч эхэлдэг бололтой.

Хүн бүр зөвхөн өөрийн ашиг, өөрийн шунал, өөрийн айдсаар амьдарч эхлэх үед шударга ёс хамгийн түрүүнд үхдэг байх.

Түүний араас итгэл үхдэг.

Итгэл үхсэн газарт хүмүүс ирээдүйгээ биш, зөвхөн өнөө оройгоо бодож амьдардаг.

Тэгээд аажмаар архидалт, авлига, хээл хахууль, ядуурал, хүний мөсгүй зан энэ нийгмийн энгийн дүр төрх болж эхэлдэг.

Магадгүй там гэдэг нь газар доор эсвэл үхээд очдог газар биш, харин хүмүүс нь бие биедээ итгэхээ больсон нийгмийн дунд аажмаар бий болдог зүйл байж мэднэ.

Тэр тамыг бид өөрсдөө бүтээдэг байх.

Монголын төлөө чөмгөө дундартал, уушгины гурван судсаа тасартал тэмцэнэ хэмээн цээжээ дэлддэг атлаа өөрийн аминч “БИЕ ҮЗЭЛ”-ээ ч ялж чаддаггүй эрхэм дээд улс төрчид өө,

Та бүхэн энэ нийгмийн тамыг зүгээр хараад сууж байгаа биш, харин өөрсдийн гараар бүтээлцэж яваа тамын занги харуулууд юм.

Гэхдээ үнэнийг хэлэхэд буруутан нь зөвхөн та нар ч биш байх.

Архинд живсэн хүн, авлигад живсэн хүн, үзэн ядалтад живсэн хүн, эрх мэдэлд живсэн хүн —

магадгүй бүгд өөр өөрийн нисванист залгиулсан хүмүүс.

Эцэст нь бодоход там гэдэг нь үхсэний дараа очдог газар биш, харин хүн дотроо хүнээ алдаж эхлэх тэр мөчөөс үүсдэг зүйл бололтой.

Тэгээд хамгийн аймшигтай нь тэр тамыг бид үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээдэг байх.

Харин тэр урт гинж хэзээ нэгэн цагт хэн нэгэн дээр тасраасай.

Нийтлэлч Батдэмбэрэл

М. Батдэмбэрэл